Хүүхэд бүр тодорхой хугацаанд зөрүүд зан гаргаж, ааш аяг нь олдохоо больчихдог үе гардаг. Тийм үед нь хүүхдийг үгэндээ оруулахын тулд чухам ямар арга хэрэглэх нь илүү тохиромжтой бол гэж боддог үе танд гардаг л байх. Тэгвэл та доорхи аргуудыг хэрэглэх гээд нэг үзээрэй.
- Түр хугацаанд ганцааранг нь орхи. Хэн ч тоохгүй болсон үед хүүхэд чинь уйдаж, түр ч гэсэн өөрийнхөө дотоод сэтгэлийг чагнан улмаар яагаад өөрийг нь ийнхүү “ад үзээд” байгаа талаар бодон тунгаах болно.
- Зөрүүдлээд, заавал зүтгээд байгаа ажлыг нь мартагнуулж өөр зүйлд сонирхолыг нь татах гээд үз. Тарьсан хэргийнх нь үр дагаврыг өөрт нь харуулж чухам яагаад хориглоод байснаа тайлбарлан хэлэх хэрэгтэй.
- Хүүхэд рүү хашгичин дайрч, загнаж зандрах нь байдлыг улам хурцатгаад зогсохгүй хүүхэд чинь ч энэ бүгдээс чинь үлгэр дууриал авч бусдад мөн адилаар ханддаг тул асуудлыг аль болох тайван байдлаар шийдэх нь чухал. Тийм учраас хүүхдээ муу хэлж, доромжлох биш харин чухам ямар үйлдэл нь буруу болохыг ойлгуулах хэрэгтэй.
- Зөрүүд зан чанар илэрч эхэлсэн үеэс л хүүхдээ тайван байлгаж, хийж болно болохгүй гэдгийг өөрт нь ойлгуулан тайлбарлаж өгөхийг байнга оролдож байх хэрэгтэй юм.
- Намуухан хөгжим сонсгож, сэтгэлгээг нь хөгжүүлэх дасгал тогтмол хийлгэх нь маш чухал.
- Та нэг удаа түүний өөдөөс зөрөөд маш их уурлаад үзэх хэрэгтэй. Харин түүний ямар ааш аяг гаргахыг нь харан байж сэтгэл зүйн эмчилгээг хийх болно.
Зөрүүд зантай хүүхдийг хүмүүжүүлэх хэцүү байдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдийн маань зөрүүд зан удмынх гэдэг. Үнэхээр удамшсан байлаа ч хүүхдийг тэр чигээр нь орхиж болохгүй. Тэгвэл зөрүүд хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ?
- Хүүхэддээ "Боль, болохгүй" гэх мэт хориглосон үгийг ширүүн дуугаар бус зөөлөн аясаар хэлж ойлгуулах хэрэгтэй.
- Зарим нэг тохиолдолд зөрүүдлээд байгааг нь анхаарахгүй орхи.
- Эсвэл гаргаж буй ааш занг нь дууриаж үзүүлэх аргыг хэрэглэж болно.
- Зөрүүд зантай хүүхдийг загнаж, зандрах маягаар хүмүүжүүлбэл яваандаа хүүхэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй, гөжүүд нэгэн болж хувирна.
- Зөрүүд хүүхэдтэй аль болох зөөлөн харьцах хэрэгтэй.
- Учир явдлыг тайлбарлаж зөв бурууг ялган таниулж өгөх аргаар хүмүүжүүлбэл сайн хүүхэд болно.
- Мөн хоолоо идэхгүй зөрүүдлэвэл идүүлэх гэж хүчлэх хэрэггүй. Эцэг эхчүүд ямар нэг аргаар түүнийг хооллох гэж оролдох тусам хүүхэд өгсөн бүхнээс татгалзан ярвайх болно. Хүүхэд идэх хүсэлгүй л байгаа бол өгөх хэрэггүй. Цай хоол бэлэн гээд урд нь тавиад л орхи. Хүүхэд өөрөө хүссэн үедээ хоолоо хэнээр ч хэлүүлэлтгүй иднэ. Нярай хүүхэд хүртэл идэх хүслээ ойлгуулж дөнгөдөг. Үнэнийг хэлэхэд хүчээр хооллох нь ямар ч сайн үр дагавар авчирдаггүй. Хүүхдийг хүчээр хооллох нь ирээдүйд боолын хөдөлмөр эрхлэх хүнийг бэлддэг гэж сэтгэл судлаачид шоглодог байна. Учир нь ийм хүүхэд өөрийн хүслийг хатуу хамгаалах чадваргүй болж бусдын хүслийг дагадаг нэгэн болдог гэнэ.
- Эцэг эхчүүд хүүхдээ гуйж ятгах, эсвэл загнаж хүчээр тулгах бүртээ хүүхдийн сэтгэл зүйд зөрүүд зангийн үрийг тарьж байдаг. Хожим нь хүүхэд өөрт нь тухайн үйлдэл хортой байхад хүртэл зөрж зүтгэдэг ухаан муутай нэгэн болчихно.
No comments:
Post a Comment